АТГ тэрбумын тендерийг шалгаж эхэлжээ

Ил тод-с
Шууд очих: залуурдлага, хайлт

Төрийн өмчит “Монгол шуудан” компанийн гүйцэтгэх захирал Ц.Батсайханыг халах тус компанийн ТУЗ-ийн болон ТӨХ-ны шийдвэрийг хууль бус гэж үзсэн шууданчид арав хоног эсэргүүцлийн суулт зарлаж, төв талбайд ажлаа эхлэхээс өмнө жагсаал хийсэн талаар хэн хүнгүй мэдсэн байх. Шууданчид Захиргааны хэргийн хоёрдугаар шүүхэд өнгөрсөн долоо хоногт Төрийн өмчийн хорооны шийдвэрийг эсэргүүцэн хандаж, гомдлын дагуу хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Шүүх хурал энэ баасан гаригт гаригт болох аж.

Хэрэв Ц.Батсайхан захирал ажлаа сайн хийж, татаасаар амь зогоож байсан салбарын 800 сая төгрөгийн ашигтай ажиллуулж, ажиллагсдынхаа цалинг хоёр жилийн хугацаанд гурван удаа нэмж, татварын тайлан, торгуулийн хуудас, гадаад паспорт зэргийг түргэн шуурхай хүргэдэг болж, шинэ менежмент хэрэгжүүлсэн юм бол “Монгол шуудан” компанийн удирдлагаас нь яагаад чөлөөлөх болов.

Түүний оронд Т.Дуламдоржийг томилсон ТУЗ-ийн хурлын шийдвэр одоо хэр нь ил болоогүй байна. Энэхүү шийдвэрийг ТУЗ-ийн хараат бус гишүүд хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нэг шалтгаан нь томилгоо хийсэн хуралдааныг ТУЗ-ийн гишүүд нь байтугай хурлын нарийн бичгийн дарга нь ч мэдээгүй, зарлаагүй байсан талаар мэдэгдсэн. Харин тэрхүү халаа, сэлгээний хуралдааныг “Монгол шуудан” ТӨХК-ийн ТУЗ-д шинээр орсон таван гишүүн хийсэн бололтой.

Ийн бужигнах болсон шалтгаан нь сар гаруйн өмнөөс АТГ-аас “Монгол шуудан” ТӨХК-ийг шалгаж эхэлжээ. Шалгалтын явцад “Монгол шуудан”-гийн гүйцэтгэх захирлаар Ц.Батсайханаас өмнө ажиллаж байсан Г.Чинзориг нартай холбоотой тэрбум төгрөгийн тендерийн асуудал гарч ирсэн гэнэ. Тэрхүү тендер нь тэрбум төгрөгөөр машин авах байсан аж. Ингэхдээ ямар ч өрсөлдөгчгүйгээр тендерийг шалгаруулсан бөгөөд чанаргүй машиныг зах зээлийн үнээс хэт өндөр үнээр худалдан авсан аж. Энэхүү луйвартай холбоотой баримтыг Ц.Батсайхан нь АТГ-т гаргаад өгчихвөл өмнөх удирдлагууд нь тендерийн хэргээр ял авах учраас урьдчилан сэргийлэх үүднээс өөрийг нь зайлуулж, будилаанаа нуун дарах хүнийг гүйцэтгэх захирлаар тавихын тулд хууль бусаар Ц.Батсайханг ажлаас нь халсан байж болзошгүй талаар эх сурвалж мэдээллээ. Г.Чинзориг нарын “Монгол шуудан”-д авсан машин нь халаагч, хөргөгчгүй учраас өвөл явах боломжгүй гэнэ.

Төрийн өмчийн хороо гаргасан шийдвэрээ өөрчлөхгүй улайраад байгаагийн ард тэрбумаар тооцогдох тендерийн хэрэг байгаа аж.

Л.ХАЛИУ

Source: http://www.news.mn/content/210892.shtml